Мэдээ
Монгол Улсад Дунд хугацааны төсвийн хүрээг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг таниулах, боломж болон болзошгүй сорилт бэрхшээлийг тогтоож, шийдвэрлэх алхмуудын талаар хэлэлцэх уулзалт семинарыг Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн Тогтвортой байдлын зөвлөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран зохион байгууллаа.
Семинарын үеэр ДХТХ-ний нийтлэг зарчим, зорилт, үзэл баримтлал, хэрэгжүүлэх загвар хувилбарууд, шаардлагатай эрх зүйн зохицуулалт, олон улсын сургамж, үндсэн бүрэлдэхүүн хэсэг зэрэг сэдвүүдээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн ахлах мэргэжилтэн Номан Иштиак танилцуулга хийлээ. Мөн ДХТХ-ээг Монгол Улсад хэрэгжүүлж буй өнөөгийн үйл явц, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх алхмуудын талаар оролцогч талууд хэлэлцэж, санал бодлоо солилцов.