Мэдээ
Залуу ажилтан болон ажил олгогч нар хөдөлмөрийн харилцаанд зохистой хөдөлмөр, нийгмийн хариуцлага болон тэгш оролцооны талаар хангалттай ойлголт, мэдээлэлтэй ордоггүйн улмаас хоорондоо үл ойлголцох, улмаар хөдөлмөрийн маргаан үүсэх нөхцөл бүрддэг байна.
“Хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд үйлдвэрчний эвлэлийн оролцоо” сэдэвт 2 өдрийн сургалт, хэлэлцүүлгийг Зүүн, Баруун болон Хангайн бүсийн төлөөлөл нийт 16 аймгийн үйлдвэрчний эвлэлийн 50 гаруй гишүүнийг хамруулан зохион байгууллаа. Тус сургалтаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг чадавхжуулж, улмаар тус хороог хэрхэн үр дүнтэй ажиллуулах талаар төлөвлөгөө боловсруулан хэлэлцлээ.
Чадавх бэхжүүлэх тус үйл ажиллагааг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ба Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хамтран хэрэгжүүлэв. Ажилтан, ажил олгогчийн хамтын ажиллагааг дэмжихэд төслөөс үзүүлж буй дэмжлэгийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү сургалтыг цаашид МҮЭХ шат дараалан зохион байгуулах юм.