Мэдээ
Үр дүнд чиглэсэн бодлого, төсвийн уялдааг хангах замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн “Монгол Улсад ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн Удирдах зөвлөлийн ээлжит хурлаар төслийн 2024 оны хэрэгжилтийн явц, хүрсэн гол үр дүнг талуудад танилцуулж, 2024 оны шинэчилсэн төлөвлөгөөг хэлэлцүүлж баталлаа.
Европын Холбооны санхүүжилттэй тус төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ба Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол улсын бодлого, төсвийн уялдааг үр дүнд чиглүүлэн сайжруулах; төсвийн хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх; хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; түүнчлэн олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй нийцсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр томоохон хувь нэмэр оруулаад байна.
Хурлыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Алимаа, Европын Холбооны Тайланд дахь Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын дарга бөгөөд Элчин зөвлөх Даниел Аше, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар хамтран даргалж явууллаа.